Оюутолгой 108 сая долларын орлого олжээ
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ.
Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ.
Тус компанийн 66 хувийг эзэмшигч “Оюутолгой” компани 2014 оны нэгдүгээр улиралд 102,900 тонн зэсийн баяжмал буюу 25,300 тонн зэс үйлдвэрлэжээ.
Үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин өссөн ч өмнөх улирлаас 20 хувиар буурчээ. Үүнээс ойролцоогоор 48,200 тонн зэсийн баяжмалыг борлуулж, 108 сая ам.долларын орлого олсон нь “Оюутолгой” компанийн хувьд шинэ амжилт юм. 5.9 сая долларыг рояалтид төлжээ.
Үүнээс гадна Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтад ч ахиц гарсан байна. 2014 онд үйлдвэрлэх баяжмалын 94 хувь, 2015 онд үйлдвэрлэх баяжмалын 91 хувийг борлуулах гэрээг байгуулж байгаа аж.
Хамгийн анхаарал татсан мэдээлэл нь Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг авах хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 30 хүртэл сунгах захидлыг санхүүжилтэд оролцох 15 банк руу илгээжээ. Үүнээс 14 банк санхүүжилт олгох хугацааг сунгахыг зөвшөөрсөн байна. Үлдсэн нэг банкнаас удахгүй хариу өгөх бололтой.
No comments:
Post a Comment