Өрөмдлөгийн баримт бичгүүдийн хөтлөлт
Өрөмдлөгийн ажлын зорилго, техник технологи, менежмент, санхүү эдийн засгийн талаар хамгийн үнэт мэдээллийг агуулдаг өрөмдлөгийн анхан шатны бичиг баримтуудыг зөв заавар аргачлалын дагуу бодит үнэнээр хөтлөх нь маш чухал байдаг.
Эдгээр бичиг баримтуудад:
1. Өрөмдлөгийн ажлын гэрээ
2. Өрөмдлөгийн ажлын төсөл буюу геологи-техникийн наряд (ГТН)
3. Өрмийн журнал буюу өдөр дутмын рапорт (dally report)
4. Аюулгүй зааварчилгааны журнал
5. Өрмийн тоног төхөөрөмжийн техникийн паспорт (хувийн хэрэг)
1. Өрөмдлөгийн ажлын гэрээ
Өрөмдлөг нь өртөг өндөртэй, эдийн засаг, бизнесийн ач холбогдолтой, эрсдэл өндөр үйл ажиллагаа, үйлчилгээ учраас захиалагч гүйцэтгэгч нь хоорондоо хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байдаг. Гэрээний зорилго, хэлбэр, нөхцлүүд нь өрөмдлөгийн ажлын төрөл захиалагч гүйцэтгэгч талуудын онцлогоос нилээд хамаардаг. Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны хэлбэр оролцооноос хамаарч:
1. Бүхэлд нь гүйцэтгэх гэрээ
2. Туслан гүйцэтгэх гэрээ
3. Холимог хэлбэрийн гэрээ гэж ангилж болох юм.
Өрөмдлөгийн төрлөөс хамаарч гэрээг:
1. Геологи-хайгуулын өрөмдлөгийн гэрээ
2. Усны хайгуул-ашиглалтын өрөмдлөгийн гэрээ
3. Газрын тосны хайгуул-олборлолтын өрөмдлөгийн гэрээ
4. Техникийн зориулалтын бага гүнтэй цооног өрөмдлөгийн гэрээ
1.1.Гeoлоги-хайгуулын өрөмдлөгийн ажлын гэрээ
Энэ төрлийн гэрээ нь газрын хэвлийн геологийн тогтоцыг судлах, ашигт малтмалын агуулга, тархалт, нөөцийг тогтоох зорилготой байдаг бөгөөд хамгийн гол нь өрөмдлөгийн ажлаас үнэн бодит мэдээлэл авахыг чухалчилдаг талаараа онцлог юм. Энэ чиглэлээр гэрээ хийхэд захиалагч талаас:
1. Ажлын хэмжээ (энд өрөмдлөгийн хэмжээ, цооногийн тоо)
2. Цооногийн өгөгдлүүд ( дундаж, хамгийн их ба бага гүн, голч, шатлал, налуугийн, зенитийн, азимутын өнцгүүд г.м. )
3. Геологийн зүсэлтүүд, цооногуудын байршил г.м.
4. Газрын хэвлийгээс авах дээж, мэдээлэлд тавигдах шаардлага
5. Өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх хугацаа
6. Ажлын хөлс зэргийг санал болгох хэрэгтэй байдаг.
Харин гүйцэтгэгч талаас өөрийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний боломж, ажил явагдах объектын газарзүйн байршил, зам харилцааны онцлог, байгаль цаг уурын нөхцөл, өрөмдлөгийн явцад гарч болох геологийн хүндрэлүүдийг тооцсон зарим заалтуудыг тодруулах болон нэмж оруулах шаардлагатай.
Манай орны хувьд 1 т.м өрөмдлөгийн ажлын өртөг 100м хүртэл гүнд $100-120, 300м хүртэл гүнд $120-140, 500м хүртэл гүнд $140-160, $ 1000м хүртэл гүнд $160-180 байгаа бөгөөд энд өрөмдлөгийн гүн тухайн объектын геологийн тогтоц, чулуулгийн өрөмдлөгт нөлөөлөх шинж чанарууд зэргээс шалтгаалж 1т.м өрөмдлөгийн өртгийг аль болох оновчтой тогтоох шаардлагатай юм.
1.2.Усны хайгуул-ашиглалтын өрөмдлөгийн гэрээ
Энэ гэрээний гол зорилго нь хэрэглэгчийг усаар хангах явдал бөгөөд захиалагчаас хэрэгцээт усны хэмжээ, ус ашиглалтын горим зэргийг, гүйцэтгэгчээс өрөмдөх голч, гүн цооногийн тоноглолд тавигдах шаардлагыг тусгаж өгдөг.
Энд гүйцэтгэгчээс чухалчлан анхаарах зүйлд:
- усны ундарга болон химийн найрлагын талаар хариуцлага хүлээхгүй байх
- усгүй цооног өрөмдсөн тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх
- ашиглалтын цооногийн баталгаат хугацаа
- захиалагчаас тухайн цооногийг өрөмдөх байгаль орчны болон газрын зөвшөөрлийг авсан байх зэрэгт анхаарвал зохино.
Худгийн өрөмдлөгийн ажлын 1 т/м-н үнэ нь цооногийн байршил, гүн, голч, худагт тавигдах шаардлага зэргээс хамаарч $100-150 үнэлэгдэж байна.
Энд усгүй цооног өрөмдөх эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд захиалагчаас геофизикийн болон бусад төрлийн хайгуул хийлгэж ус гарах гүнийг удьдчилсан байдлаар тогтоосон байх шаардлагатай.
1.3. Газрын тосны гүний өрөмдлөгийн гэрээ
Энэ гэрээний гол зорилго нь газрын тосны ордыг нээн илрүүлэх улмаар нөөцийг тогтоон олборлож ашиглах явдал байдаг тул гэрээний нөхцөл арай өвөрмөц хэлбэртэй байдаг. Дэлхийн практикт зүсэлтэнд тохиолдох хурдас чулуулгийн байршил, зузаан, гарч болзошгүй геологийн хүндрэлүүд нь хайгуулын, нэн ялангуяа, эрлийн цооногийн өрөмдлөгийн өртгийг өндөр байлгах тал ажиглагддаг. Газрын тосны өрөмдлөгийн өөрийн өртөг дэлхийн дунджаар нэг тууш метр нь $1000 байгаа бөгөөд өрөмдлөгийн гэрээнд тусгагдах гол заалт бол газрын тос, байгалийн хийг илрүүлэх, нөөцийг тогтоох, улмаар бүрэн гүйцэд олборлох нөхцлийг хангах явдал болдог.
Манай орны газрын тосны салбарт өрөмдлөгийн ажил нь их төлөв гадаадын компаниудаар гүйцэтгэгдэж ирсэн бөгөөд манай үндэсний мэргэжилтнүүдийн оролцоо маш бага байгаа болно.
1.4. Техникийн зориулалттай бага гүнтэй цооногийн өрөмдлөгийн гэрээ
Чичирхийллийн тэсэлгээний, инженер геологийн, гүүрийн багана, барилгын суурийн хөрсний хяналтын зэрэг техникийн зориулалт бүхий цооногийн өрөмдлөг нь харьцангуй бага гүнд олон тоогоор буюу их хэмжээгээр явагдах тул ихэнх тохиолдолд явуулын эсвэл зөөврийн өрмийн төхөөрөмжөөр харьцангуй бага зардлаар явагдах учир манай орны хувьд 1 т/м өрөмдлөгийн үнэ $40-60 байна.
Энэ чиглэлийн цооног өрөмдлөг хийх зорилго янз бүр байх учир гэрээнүүд тус бүр өөрийн онцлог болон үнийн өөрчлөлтүүдтэй байна.
2. Өрөмдлөгийн геологи-техникийн наряд (ГТН)
Цооногийн геологи-техникийн наряд нь тухайн цэгт өрөмдлөг явуулах ажлын үндсэн төсөл бөгөөд геологийн нөхцөл, цооногийн хийц, хэрэглэгдэх техник технологийг тусгасан өрөмдөгчийн үндсэн бичиг баримт юм. Цооногийн өрөмдлөг энэ бичиг баримтын дагуу явагдах ёстой. Геологи-техникийн нарядыг тухайн өрөмдөх цэгт хийсэн геологи, геофизикийн судалгааны үндсэн дээр урьдчилсан байдлаар төлөвлөсөн литологийн зүсэлтийн дагуу цооногийн хийцийг зохиосноор эхлэнэ.
Үүний дараа чулуулгийн шинж чанар, цооногийн өрөмдлөгийн сумны төрөл, голч үзүүрийн багажийн төрөл, технологийн үндсэн үзүүлэлтүүд, угаалгын шингэний төрөл, гулууз дээжийн гарц болон цооногт хийх хэмжилтийг ажлуудыг тодорхой тусгаж өгсөн байдаг.
ГТН нь геологи хайгуулын ажлын төсөл, төсөв зохиогдох шатанд зохиогдох бөгөөд ажлын өртөг зардлыг тооцох, техник-технологийг сонгож авахад маш чухал ач холбогдолтой бичиг баримт юм. Тухайн цооног буюу бүлэг цооног өрөмдлөгийн ажил дууссаны дараа өрөмдлөгийн ажлын журнал, рапортонд тулгуурлан бодит геологи техникийн нарядыг гүйцэтгэх бөгөөд энэ нь тухайн хэсгийн геологи техникийн нөхцлийг бодитоор үнэлэх улмаар судалгааны ажил болон өрөмдлөгийн мэдээллийн сан байгуулахад өндөр ач холбогдолтой баримт болох болно.
3. Өрөмдлөгийн ажлын журнал
Өрөмдлөгийн техникийн талыг тодорхой харуулсан бичиг баримт бол өрөмдлөгийн журнал буюу өдөр тутмын ажлын рапорт юм. Энд цооногийн дугаар, ээлжинд ажиллагсдын нэр, өрөмдөж эхэлсэн дууссан хугацаа, цооногийн гүн, голч чиглэл, өрөмдлөгийн технологийн горимууд, дээжийн гарц зэрэг ээлжинд хийгдсэн бүх ажлууд тодорхой бичигдэх ёстой. Үүнд үндэслэж тухайн орд газрын өрөмдлөгийн техникийг сонгох, технологи боловсруулахад чухал ач холбогдолтой бичиг баримт юм (хүснэгт-3). Дашрамд дурьдахад өрмийн журналын маягтыг Монгол Улсын Өрөмдлөгийн Холбооноос батлаж, хэвлүүлэн түгээж байгааг тэдээлэх байна.
4.Аюулгүй ажиллагааны зааварчлага
Өрөмдлөгийн байранд зайлшгүй байх ёстой бичиг баримтын нэг бол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлагын дэвтэр бөгөөд ажиллагсад өдөр бүр зааварчлага авч гарын үсэг зурна.
Эдгээр зааварчилгаануудад:
1. Удиртгал зааварчилгаа
2. Ажлын байрны анхан шатны зааварчилгаа
3. Давтан зааварчилгаа
4. Ажлын байрны тодорхойлолтп
5. Технологийн зааварчилгаа
6. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг байж болох бөгөөд зохих журмын дагуу хөтлөгдөж, хянагдаж байх ёстой.
5. Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн техникийн паспорт (хувийн хэрэг)
Өндөр хүчин чадалтай, харьцангуй удаан эдэлгээтэй үндсэн төхөөрөмжүүд болох өрөмдлөгийн суурь машин, цамхаг, угаалгын шахуурга, хийн хөөрцөг зэрэг нь улсын нэгдсэн тооллого бүртгэлд хамрагдсан техникийн паспорттай, уг паспорт нь зохих журмын дагуу хөтлөгдөж жил бүр улсын үзвэгт орж байх шаардлагатай. Манай оронд Улсын мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр өрмийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн тооллого бүртгэл, гэрчилгээжүүлэлт явагдаж байгааг энэ дашрамд дурдах байна.
6.Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засварын хуваарь
Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, удаан хугацаагаар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх үндсэн нөхцөл нь тэдгээрийн техникийн үйлчилгээ, тосолгооны хуваарийг баримтлах явдал болно. Өрөмдлөгт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж бүрт техникийн үйлчилгээ тосолгооны хуваарь байх бөгөөд өрөмдлөгийн ажлын байранд эдгээр хуваарийг байрлуулж ажиллагсдаар ягштал мөрдүүлж байх шаардлагатай. Жишээ болгон “Explorer” өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээний хуваарийг үзүүллээ (хүснэгт-4).
No comments:
Post a Comment